1Хөмсөгний будалт
Хөмсөгний урд хэсэг хамрын самсайнаас дээш тэгш шугамаар параллел байвал нүүр зөв төрхтэй харагддаг. Хүн бүрт төрөлхийн хөмсөгний хэлбэр гэж байдаг тул үүнийгээ бага зэрэг тодотгож, арьсандаа тохирсон өнгөөр будах хэрэгтэй. Харин хөмсөггүй газраа нэмж, тодоор зурах нь таны нүүр будалтыг хямдхан бөгөөд хиймэл харагдуулдаг.
Нүдний тень тавих гэж байгаа бол уусгалт хийхээ хэзээ ч мартаж болохгүй. Зөвхөн нүдний тень гэлтгүй нүүрний будгуудаа өнгийг нь уусгаж байх хэрэгтэй гэж мэргэжлийнхэн зөвлөдөг.
2Зууралдсан сормуусны будаг
Сормуусны будагны хугацаа дууссан эсвэл хэтрүүлж будсан хүмүүс энэ алдааг гаргадаг. Үнэндээ ингэж будах нь хиймэл, хямдхан сэтгэлгээг төрүүлдэг тул үүнээс зайлсхийж дээшээ зөөлөн эргэж, дэрвийн, ширхэг ширхэгээр салсан урт харагдуулахаар будах хэрэгтэй. Ийм будалт нь таныг төрөлхийн мэт сайхан нүдтэй харагдуулдаг билээ.
Жич: Сормуусны будаг 6 сар болоод хугацаа нь дуусдаг. Гэхдээ 2 сар болоод нэг удаа сольж байх нь хамгийн зохимжтой байдаг аж.
3Нүднийхээ доод хэсгийг хараар хүрээлэх
Нүднийхээ доод хэсгийг хараар хүрээлэх нь төрөлхийн гоо сайхныг алдагдуулдаг хамгийн бүдүүлэг алдаа гэж мэргэжлийн нүүр будагчид үздэг. Ийм будалт нүдийг том харагдуулах бус харин улам жижиг бөгөөд эв хавгүй мэдрэмж төрүүлдэг. Үүний оронд зовхиндоо уусалттай будалт хийж, доод хэсгийн зөвхөн ард талыг нь тодруулбал нүд жавхаалаг харагддаг.
4Гэрэл сүүдрээ ихдүүлэх
Гэрэл сүүдрийн тусламжтай нүүрээ зөв төрхтэй, илүү нарийхан харагдуулах арга бүсгүйчүүдийн дунд өргөн дэлгэрээд байгаа. Гэхдээ буруу багс сонгосон эсвэл будгаа хэт ихдүүлж, уусгалт хийгээгүйгээс болж нүүр унжгар, халтар харагдаж болно. Хацрын ясаа сүүдэрлэхдээ зөвхөн чихнээс урагш хэсэгт бага зэрэг түрхэж сайтар уусган будаарай.
5Хуурай пудрээ ихдүүлж болохгүй
Хэрэв та хуурай пудрээр буддаг бол түрхэснийхээ дараа хацар өнгөлөгчөөр арьсаа туяаруулж, пудр шингээх цацлагаар жигд харагдуулах ёстой гэдгийг мартаж болохгүй. Учир нь хуурай пудр арьсыг амьгүй цонхигор, хуурай харагдуулдаг юм шүү.
6Хэт олон анхаарал татах зүйлс
Та нүүр будалтаа хийхдээ зөвхөн нэг хэсгээ л илүү тодруулж харуулах хэрэгтэй. Эс бөгөөс таны хамрын өндөрлөгөө нүд, уруул, хацар, хөмсөг гээд бүгд анхаарал татахуйц бол харахад маш төвөгтэй байдаг. Үүнийг "хэт хичээсэн" будалт гэх нь ч бий. Ийм харагдахгүйн тулд нүдээ тод будсан бол уруулаа өнгөлөгчөөр өнгөлөх, уруулаа хурц өнгөөр будсан бол нүдээ тод өнгөөр будахгүй байх хэрэгтэй шүү.
7Кремний өнгөө буруу сонгох
Ихэвчлэн хүмүүсийн нүүрний арьс, хүзүүний арьс хоёр жигд биш өнгөтэй байдаг. Тиймээс кремээ сонгохдоо хүзүүний арьсан дээрээ түрхэж шалган авах хэрэгтэй. Ингэвэл арьсны өнгө жигд, эрүүл харагддаг. Хэрэв таны хүзүү нүүрнээс тань хэт ялгаатай бол, нүүрэндээ гэрэл сүүдэр тавьж өнгийг нь уусгаарай.
Comments
Post a Comment